Амжилтанд хүрнэ гэдэгтээ бүрэн ИТГЭ !

Амжилт бол маш гайхалтай эерэг зүйл юм. Амжилт гэж хангалуун амьдрал: сайхан байшин, амралт, аялал, шинэ зүйлс, санхүүгийн эрх чөлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгох хөшүүргэ юм. Амжилт гэдэг бол бусдын хүндлэлийг хүлээх, бидний ажил болон гэр оронд хүрээлэн байдаг хүмүүст үлгэр дууриалал болж, тэдний удирдагч нь болно гэсэн үг юм. Амжилт гэдэг бол эрх чөлөө: айдас, санаа зоволт, бухимдал, ялагдлаас ангижруулах эрх чөлөө юм. Амжилт бол өөрийгөө хүндлэх хүндлэл, амьдралаас илүү их аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг илрүүлэх түлхүүр, хайртай хүмүүстээ улам их зүйлээр туслах боломжийг олгодог алтан хаалга юм. Амжилт бол ялалт. Амжилт бол та бидний амьдралын зорилго юм. Хүн болгон амжилтанд хүрэхийг хүсдэг. Хүн болгон амьдралаас сайн сайхан бүхнийг авахыг хүсдэг. Харин хэн ч хоёрдогч "хэн-ч-биш" байхыг хүсдэггүй. Амжилтыг бүтээх хамгийн чухал зүйл бол итгэл. Итгэлээр уулыг хөдөлгөж болно.

Уулыг хөдөлгөж чадна гэдэгт итгэ, чин сэтгэлээсээ итгэ. Ингэж чаддвал чи зорьсондоо хүрэх болно. Харамсалтай нь тийм ч их хүн уулыг хөдөлгөнө гэдэгт итгэдэггүй. Үүний үр дүнд, тэд хүссэндээ хүрч чаддаггүй. Магадгүй зарим хүмүүс уулыг итгэлээр хөдөлгөнө гэдэг утгагүй хэрэг гэж бодож болох юм. Ингэж бодож байгаа хүмүүс үнэндээ итгэл, хүсэл хоёроо ялгаж чадахгүй байгаа хүмүүс гэсэн үг. Үнэхээр ч бидний хүссэнээр уул хөдлөнө гэж юу байхав, бидний хүссэнээр дарга болчихно гэж юу байхав, бидний хүссэнээр сайхан байшинтай болчихно гэж юу байхав. Гэхдээ, зөвхөн " итгэснээр" л чи уулыг хөдөлгөж чадна. Чи амжилтанд итгэснээр амжилтанд хүрч чадна. Үнэндээ итгэх хүч бол ямар ч ид шид, үл ойлгогдох далдын хүч биш шүү. За одоо хэдүүлээ итгэл бидэнд яаж нөлөөлдгийг доор тайлбараас үзэцгээе.

"Би эерэг, Би чадна"
гэсэн үзэл амжилтанд хүрэх хэрэгцээт эрч хүч, мэдлэг, чадварыг гаргаж өгдөг байна. Чадна гэдэгтээ итгэсэн тохиолдолд, "Яаж-чадах-вэ?" гэсэн заавар, чиглэл нь гарч ирдэг аж. Олон сайхан залуучууд өнөөдөр шинээр ажилд орсон байх. Мэдээж бүгд л өндөрлөгт хүрэхийг "хүсэж" байгаа. Харамсалтай нь ихэнхи залуус маань итгэлгүйгээсээ болоод өндөрлөгт хүрч чаддаггүй талтай. Өндөрлөгт хүрэх боломжгүй гэдэгт итгэснээс болж хоромын цаах нь байсан гайхалтай өндөрлөгт хүрэх шатыг илрүүлж чаддаггүй. Энэ л үзэл тэднийг жирийн нэгэн "хэн-ч-биш" болгон хурвиргадаг байна. Харин цөөхөн хэдэн залуус амжилтанд хүрнэ гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэснээр хүссэн өндөрлөгтөө саадгүй хүрдэг юм. Тэд ажилдаа "Би өндөрлөгт хүрж явна" гэсэн үзлээр ханддаг бөгөөд ингэж хандсанаараа ч тэд хүссэн амжилтандаа хүрдэг ажээ. Эдгээр залуус амжилттай яваа дарга, удирдлагуудын үйл хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, зан авир, хандлагыг нь судалж, асуудал тулгархад яаж хандаж, хэрхэн шийдвэр гаргаж байгааг нь нэгд нэгэнгүй суралцаж авдаг байна.

Тиймээс дээр хэлсэнчлэн Би чадна гэдэгтээ итгэсэн хүн "Яаж-чадах-вэ" гэсэн заавар аяндаа орж ирдэг гэнэ. Өнөө цагт итгэл уулыг хөдөлгөхөөс илүүтэй маш том, гайхалтай зүйлсийг бүтээж байгаа билээ. Хэрэв огторгуйд хүн аялана гэдэгт итгээгүй байсан бол эрдэмтдийн урам, зориг, сонирхол нь мохож юу ч хийж чадахгүй байсан бизээ. Хорд хавдрыг эмчилж чадна гэсэн итгэл байхад л энэ өвчнийг анагаах арга гацаагүй олдоно. Итгэл гэдэг бол маш том хөдөлгөх хүч бөгөөд тэр олон гайхамшигт ном зохиол, урлагын бүтээл, шинжлэх ухааны нээлтүүдийг гаргахад гол нөлөө үзүүлсэн хүч юм. Итгэ, үнэхээр итгэ, тэр үед чи амжилтанд хүрч чадна, хүрэх ч болно.

Би амжилтанд хүрч чадалгүй унасан нэлээд олон хүмүүстэй таарч, ярилцаж байлаа л даа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өч төчнөөн шалтаг, шалтгаануудыг би тэднээс сонссон. Энгийнээр хэлэхэд тэдний уналт, ялагдлууд дараахи хэдэн тайлбаруудаар таглагддаг байна: "Үнэнийг хэлэхэд би эхнээсээ л бүтэхгүй байх гэж бодож байсан", эсвэл " Би ч бараг эхлэхээс нь өмнө азгүйтээд эхлэсэндээ" эсвэл "Энэ ажил маань бүтээгүйд би нэг их гайхаагүй" гэх мэт. "За яахав би оролдоод үзье л дээ, гэхдээ бүтнэ гэж бодохгүй л байна шүү" гэсэн бодол уналт, ялагдлыг авчирдаг. Үл итгэх бол яалт ч үгүй СӨРӨГ ХҮЧ. Хүн үл итгэж, эргэлзэж эхлэхэд эдгээр сөрөг хүчүүдийг өөхшүүлэх шалтаг, шалтгаанууд урган гарч ирдэг байна. Бүх уналт, ялагдлын гол үндсийг эргэлзэх, үл итгэх, тийм ч их хүсэхгүй байх үзлүүд тавьдаг байна.
Эргэлзээ, үл итгэх унахын шинж
Итгэл, эерэг бодол ялахын шинж

"The Magic of Thinking Big" - номноос хэсэгчлэн, өөрийн үгээр орчуулав.