Би ер нь хэзээ Монголдоо очих юм бол ?

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа. Тэгэхээр яалт ч үгүй миний энэ хариултанд эволюци явагдсан байгаа биз? Тэгээд яахав угын юм хумны үзүүр, үндсийг олох гэж ухаж төнхдөг зангаа гаргаж ер нь яагаад би ингэж хариулах болсон шалтгаанаа өөрөөсөө хайж эхлэв ээ. Хараад байхад миний энд туулж өнгөрүүлж байгаа амьдрал, сурж мэдэж, үзэж харж байгаа зүйлсээс шалтгаалаад энэ хариултанд нэлээн өөрчлөлт орсон шинжтэй харагдаж байна. Жишээ болгож миний түүхийн хэдэн хуудсыг сөхөж үзэцгээе л дээ.