Уйтгартай Амьдралаас Гарах Гол Гарц - Мөрөөдөл

Өчигдөр Revolutionary Road-ийг үзээд айхтар их юм эргэцүүлж боддог байна шүү хэхэ. Үнэхээр залуус бидэнд тохиолдож болох харахад энгийн хэрнээ, бидний амьдралыг ормонгоор нь эргүүлж болох ээдрээтэй нэгэн асуудлыг хөндсөн сүрхий кино болжээ. Энэ киног үзэхийг бүх андууддаа уриалж байна. Ялангуяа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуус дүү нартаа! Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Зарим нэг нь гадаадад гарч амьдрахыг гол зорилгоо болгосон байхад, зарим нэг нь хөл хөдөлгөөнт хотын амьдралаас зайдуу бөглүүхэн хөдөө талд халуун ам бүлээрээ амьдрахыг туйлын их жаргал гэнэ. (Чойномын Жаргал Зовлон шүлэгрүү ороод явчихдаг байна шүү хэхэ).

Гэтэл амьдралын энэ их бэрхшээл нухчаан дунд бидний тэр гэгээхэн хүсэл мөрөөдөл бага багаар замхран алга болсоор, зүгээр л нэг хүүхэд насны бүтэшгүй, тэнэгхэн мөрөөдөл болон хувирчихаад байх шиг. Хэд нь яг мөрөөдөлдөө үнэнч байж, хүслийнхээ дагуу амьдарч байгаа бол оо? Харамсалтай нь маааш цөөхөн.

Нэг л мэдэхэд бүгд л яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг нэг хэвийн уйтгартай амьдралд. Цалингаас цалингийн хооронд, хэдэн өдрийн цаадхыг л ирээдүй хэмээн андуурч, үлгэн салган бор хоногыг тоолох шахуу өнгөрүүлсээр. Хамгийн аймар нь энэ уйтгартай амьдралд удах тусам, намагт шигдэх мэт гарах гарц улам бүр багасаж, эрх чөлөө, хүсэл мөрөөдөл маань тэр хариуцлага, мөнгө гэж айхтар зүйлээр хязгаарлагдаж, нэг л мэдэхэд авралын үүд ахиж онгойхгүй хаагдсан байна. Жишээ нь: Байр авлаа гэхэд та хэдэн жил зээлтэй хүлэгдэнэ гэсэн үг вэ ? Хүүхэд гарлаа та нэмээд бас хэдэн жил? Ажилгүй л бол бүх юм будаа болчих гээд хаашаа ч гарч чадахгүй хүлээсэнд орж байгаа биз?

Биднийг мөрөөдлөөс маань холдуулдаг бас нэг том асуудал бол - биднийг эргэн тойронд байгаа хүмүүс: гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон, ажлын босс гэх мэт. Амьхандаа тэд Бидний төлөө гэж бодож саад болдог ч, үнэндээ тэд үзээгүй (мөрөөдлөө дагаж) болохоор л өөрсдөөсөө холдуулахгүй гэж хичээнэ. Би өөрийнхөө хүсэж мөрөөдөж байдаг зүйлээ хийлээ гэхэд зарим нь бүүр дооглонгуй аястай ч хүлээж авах нь элбэг. Хүүхэд наснааасаа салаачээ чи, жаахан бодитоор сэтгэ, насанд хүрсэн юм байж? гээд л ярьж өгнө шүү дээ.

Тэгэхээр андууд минь уйтгартай амьдрал хэмээх намагт амьдаараа шигдэхээс өмнө, хүсэл мөрөөдлөө дахин эргэцүүлж бодоорой. Өөрөө өөртөө бодох цаг сайн гарга, Гэр бүлтэй бол эхнэр/нөхөртэйгээ сайн ярилц. Би/Бид ер нь хаана явна аа? тэр уйтгартай нэг хэвийн амьдралд орчихож уу? эндээс гарах ямар арга зам байна? Би ер нь яг юу хүсдэг юм бэ? Ямар ажил хийхийг хүсдэг вэ? Ер нь юуг амьдралын учир утга гэж боддог вэ? гээд л бүх асуултын хариуг өөрөөсөө эрж хай. Хариултаа олж авсаныхаа дараа хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмц, бат зогс, хэний ч нөлөөнд үл авт, чиний л амьдрал болохоор чи л өөрөө бүхнийг шийднэ.

За ингээд түр өндөрлөе, өнөөдөр толгой дүнхүүрээд ерөөсөө, үг үсэг холбож чаддаггүй ээ. Өчигдөр өглөө ажлаасаа буугаад унтсан, өдөржингөө унтчиж. Үг үсгийн алдаа харахын оронд гол утга агуулгыг нь барьж авахыг хичээгээрэй андуудаа. Бас миний санаа бүдэг гарсан байвал, засаж залруулж өгөхийг хичээнгүйлэн гуйя.